Монгол Улс цаазаар авахыг хориглосон хуультай байжээ
Цаазаар авах ялыг эсэргүүцэх дэлхийн нийтийн өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийн хүрээнд "Эмнести интернэшнл" олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллагын Монгол дахь салбараас "Хүний амьд явах эрх ба цаазаар авах ял" сэдвээр судалгаа хийснээ өчигдөр тайлагналаа.
Цаазаар авах ялыг Монголд эртнээс хэрэглэж иржээ. Ялангуяа Чингис хааны Их засаг хууль, Халх журам, Монгол цаазын бичиг зэрэг Х1И-Х1Х зууны сүүлч хүртэлх үед нэлээн өргөн хэрэглэдэг байв. Харин 1926 оны Эрүүгийн хуульд хүн амины хэрэг, эх орноосоо урвах зэрэг 13 зүйлд цаазаар авах ял оноохоор заасан байна. Уг хуульд ямар хүнд энэ ялыг ногдуулах талаар нарийн заалт байгаагүй учир хөгшид, насанд хүрээгүй хүүхэд, эмэгтэйчүүд хүртэл цаазаар авахуулж болохоор байсан аж.
40 жилийн дотор 800 гаруй хүнийг цаазалжээ
1921-1945 оныг манай улсад гарсан улс төрийн хэлмэгдүүлэлттэй холбоотойгоор цаазаар хомроголон авч байсан үед тооцдог. 1945 оноос хойш, сүүлийн 40 жилд манай улсын шүүх хүн санаатай алсан хэргээр 806 хүнд цаазаар авах ял ногдуулжээ. Хүний эрхийг хамгаалгчид анх удаа энэ тоог нийтэд дэлгэлээ. Цаазаар авах ял ногдуулах хүний тоо цаг үеэсээ хамааран өсч, буурдаг байна. Сонирхолтой нь манай улс 1953 оны наймдугаар сард цаазаар авах ялыг хориглож байсан түүхтэй аж. Гэвч энэ тогтоол аравхан сар л "амьдарчээ". 2002 оноос хэрэгжиж буй Эрүүгийн хуулийн ялын бодлогыг маш хатуу болгосноор шүүхээс цаазаар авах ял оноох байдал өмнөх жилүүдээс эрс нэмэгдсэнийг судалгаагаар тогтоожээ.
2003-2005 онд цааз авсан хүний тоо өмнөхөөсөө 20 хувиар өсссөн аж. Эдгээрт хилс хэргээр ял тулгасан цөөн биштохиолдол бийгхуульч, академич С.Нарангэрэл сэтгүүлчдэд ярьсан юм. 2000 онд шүүхээс 13 хүнд цаазаар авах ял оноосон ч давж заалдах шатны шүүх гурван тогтоолыг өөрчилж, хоёрыг хүчингүй болгосон нь үүнийг батална. Хамгийн сүүлд Завхан аймгийн иргэн Эрдэнэ-Очирт гурван удаа цаазын ял оноож, эцэст нь хэргийг цуцалсан нь үүний тод жишээ.
Манай шүүхийн шийдвэрийн 30 орчим хувьд алдаа гарсан байх магадлалтай
Дэлхийд энэ төрлийн ялыг гүйцэтгэх арван арга байдгаас манай улс буудан алах аргыг хэрэглэдэг аж. Буудан алах ялын гүйцэтгэлийн журмыг Ерөнхийлөгчийн зарлигаар баталдаг. Харин ялыг ямар байгууллага, хэрхэн гүйцэтгэж, цогцсыг яаж оршуулах нь улсын нууц. Саяхан хүү нь цаазаар авах ял сонсч, гүйцэтгүүлсэн нэгэн эх "Эмнэсти интернэшл"-д хандан "Ядаж хүүгийнхээ цогцсыг авч оршуулмаар байх юм. Гэтэл олдохгүй, хаанаас хэрхэн авахаа мэдэхгүй байна" хэмээн нулимс дуслуулан учирлажээ. Түүнд хүүгийнх нь ялыг гүйцэтгэсэн тухай алга дарамхан цаас л үлдсэн байна.
Тиймээс дээрх байгууллагынхан энэ ял тухайн хүний амьд явах эрхэд харшлахаас гадна гэр бүлийнхэнд хүндээр тусдаг гэдгийг онцолсон юм. Тэд 600 орчим хуульч, 4000 гаруй иргэний дунд цаазаар авах ялыг хэрэглэх нь зөв эсэх талаар судалгаа хийхэд олонх нь зөв хэмээн хариулж, "Монголын нийгэм хэтэрхий харгис байна" гэдгийг харуулсан гэнэ. Цаазаар авах ялын талаар дэлхий нийтийн хандлагыг уг судалгаанд тодорхойлжээ. БНХАУ, Саудын Араб бусдын "толгой авдаг"-аараа дэхийд тэргүүлдэг юм байна. Өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд 5000 хүнд цаазаар авах ял оноосны 3900 нь БНХАУ-д ногджээ.
Өнөөдөр дэлхий даяар дөрөв дэх удаа цаазар авах ялыг эсэргүүцэх өдрийг тэмдэглэх бөгөөд өмнөхөөсөө багагүй дэвшил гарсан гэж үзэж буй. Учир нь Филиппинд уг ялыг хэрэглэхээс татгалзсан, БНСУ-ын парламент энэ талаар хэлэлцэж буй, АНУ насанд хүрээгүй хүүхдэд цаазаар авах ял ногдуулахаа больсон, БНХАУ-д хилс хэргээр цааз оноосон цөөнгүй хэрэг илэрсэн тул 1980 оноос хойшх энэ төрлийн ялыг дахин хянах шийдвэр гаргасан аж. Энэ нь алдаа гаргавал буцааж залруулах боломжгүй шийдвэр гэдгийг тэд бас онцолсон юм. Харамсалтай нь манай шүүхийн шийдвэрийн 30 орчим хувьд алдаа гарсан байх магадлалтай юм байна.
С.Туул

