Их ойн эргэн тойронд 

Чингисийн ордны найрыг Цагаандэлгэрт үзсэн минь

Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд Халх боржигины шүтээн Хандам бурхны тахилга

Намрын дунд сарын шинийн долоонд боржигин нутгийн бор толгодыг зорилоо. Толгод нь тос дааварласан говийн намар нар аргамжин налайж угтав. Харгана, бударгана, шаваг, тэсэг ногоорон хаа нэгхэн халиун шивээ найгах ухаа гүвээ нь далайн давалгаа мэт үелэн хээтэнэ. Жин үдийн халуунаар зорьсон газраа хүрч аяны дөрөө мулталлаа. Дундговь аймгийн Цагаандэлгэр сум. Говийн эл бяцхан суурин биднийг нэлээд хөл хөдөлгөөнтэй угтсан юм.

Цагаандэлгэрийнхэн уламжлал ёсоор Хандам бурхнаа тахин хөл болж байгаа нь энэ аж. Хуучин Халхын Сэцэн хан аймгийн Боржигин сэцэн вангийн хошуунд Баруун, Зүүн хоёр Чойрын хийд байжээ. Үүнээс Баруун Чойрын хийд нь эдүгээгийн Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байсан гэнэ. 250 жилийн түүхтэй энэ хийд 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед устаж үгүй болсон ч сайн цагийн эхэнд дахин сэргэж хурал номоо хурж эхэлжээ. Баруун Чойрын хийдийн гол шүтээн нь Хандам бурхан. Ага тарнийн ламид ёсны дөрвөн тантрын ханцашгүй ёсны Ядам бурхны нэг Сэндэм бурхныг боржигинчууд Хандам хэмээн нэрлэж гол шүтээнээ болгосон аж. Тиймээс тэд жил бүрийн намрын дунд сарын шинийн долоонд ах дүү, төрөл төрөгсөд, сум хошуугаараа нийлэн Хандам бурхнаа тахидаг байна.

Энэ жилийн Хандам бурхны тахилгад Шашны дээд сургуулийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Сонинбаяр гавжтан хүрэлцэн ирсэнд нутгийнх нь зон олон магнай тэнэгэр байлаа. Баруун Чойрын хийдийн гэсгүй Ц.Дамбадаржаа хэмээх ануухан бууралтай энэ үеэр уулзаж хөөрөлдлөө. Эдүгээ 86 нас сүүдэр зооглоод буй энэ өвгөн хувраг Баруун Чойрын хийдийн 32 жорваанаас ганцаар үлдээд байгаа гэнэ. Тэрбээр 14 жилийн өмнө Баруун Чойрын хийдийг сэргээн Цагаандэлгэр сумын төвд дуган барьж байгуулан хурал номын дууг нь сэргээжээ.

Баруун Чойр нь цагтаа 1000 лам хурдаг томоохон хийд байсан түүхтэй. Харин өнөөдөр 10 гаруйхан лам хувраг энд ном хурж буй аж. Хандам бурхны тахилгад морилсон гавж Ш.Сонинбаяр Баруун Чойрын хийдэд Хандам бурхныг тахих болсон нь Далай лам, Банчин Богдын лүндэнтэй холбоотой тухай түүх хууч дэлгэсэн юм. Гавжтаны багш нар нь ч Баруун Чойрын эрдэмтэй лам нар байжээ.

Найрын даргын үг хууль

Боржигин найрын дэг жаяг, ёс жудаг, зан заншлын талаар бишгүй л сонсч байсан ч чухамхүү биеэр үзсэнгүй. Тиймээс намрын дунд сарын шинийн найманд болох боржигин найрыг тэсч ядан хүлээсээр өглөөг угтлаа. Олны амнаас сонсоход найр тийм ч эрт эхлэхгүй бололтой. Их үдэд буюу гал морин цагт найр эхлэх юм гэнэ гэсэн яриа ч чих дэлсээд авав. Ингээд найр эхэлтэл сумын төвтэй танилцахын зэрэгцээ боржигин өвгөдтэй уулзаж түүх хууч яриулав. Ингээд жин үд болж боржигин найр эхэллээ. Найр болох их таван ханат хүнээр дүүрчээ. Гэрийн баруун талаар эрчүүд, зүүн талаар эмэгтэйчүүд насны эрэмбээр сууцгаажээ.

Бүх хүн энгэр заамаа бүрэн товчлон, баруун талд суусан хүн зүүн өвдөгөө бохирон баруун өвдгөө босгон суух, зүүн талд суусан хүн үүний эсрэгээр зүүн өвдгөө босгон баруун өвдгөө бохирон суухаас эхлээд тун нарийн дэг жаягтай ажээ. Энэ дэг жаягийн дагуу найрчид байраа эзлэн суусны дараа Цагаандэлгэр сумын Засаг дарга Т.Түмэндэлгэр найрын даргыг сонголоо. Тэрбээр, Боржигин осоржин овгийн Б.Пүрэв­доржийг найрын дарга болгоё гээд түүнд хадаг барилаа. Най­рын даргаар тохоон томилогд­сон Б.Пүрэвдорж сумын Засаг даргаас хадаг гардан аваад, -Та бүхэнд баярлалаа.

Итгэл найдварыг тань хүлээж найраа зуу зуун жил хадгалагдан ирсэн уламжлалаар удирдан явуулъя. Та бүхэн дэг журмаа баримтлан сайхан найрлаарай хэмээлээ. Түүнчлэн найрын дарга найрын дэг жаягийг танилцууллаа. Найрчид бүгд малгайтай байна, ая дангийн дундуур гарахгүй, “морь харах”, “гүү саах” болбол найрын даргаас зөвшөөрөл авна, элдэв шалиг завхай үг хэ­лэлцэхгүй гээд л найрын дэг нэ­лээд хатуу. Хэрвээ энэ бүх­нийг зөрчвөл боржигин найрын ёсоор айргаар шоглоно гэдгээ найрын дарга мэдэгдлээ. Най­рын даргын үг бол найрчдад хууль л гэсэн үг.

Түүний үгийг зөрөхийн аргагүй. Боржигин­чууд айргаар торгох, баалахыг шоглох гэх бөгөөд торгуулын айраг уухыг шог уух гэж хэлдэг байна. Найрын эхэнд ногоон цартай, ногоон халзан хоёр хуурыг тоонын дааганд баруун хойш харуулан өлгөв. Энэ бол боржигин найрын бас нэг өвөрмөц зан үйл. Найрын үед ч гэсэн тэрхүү хуурыг авч хуурд­саны хойно эргүүлэн тоонын дааганд өлгөж байсан юм.

Энэхүү боржигин найрыг Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд уг ойг зохион байгуулах Үндэсний хороо, Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулж байгааг найрын өмнө Боржигин судлалын төвийн тэргүүн, доктор, профессор Т.Намжил хуран цагларсан олонд мэ­дэгдсэн. Дундговьчууд энэ оныг Дуу хуур, өв заншлаа дээдлэн хөгжүүлэх жил болгосон нь ч энэхүү боржигин найрын нэг утга учир гэдгийг сумын удирдлагууд онцолсон юм.  

Ингээд боржигин найр эхэл­лээ. Найрын дарга сөнч, ая­гачдыг томилов. Нэг сөн, баруун зүүн жигүүр тус бүр хоёр хоёр аягач томилогдон ажлаа эхлэх нь тэр. Боржигин найрын ёсоор найрын эхэнд чимээгүй гурав уудаг байна. Ийнхүү гурав дугарсны дараа найрын дарга тоонын чагтагны үзүүрийг хадагтай хамт атган, хултай айраг цэлэлзүүлэн ерөөлчид барилаа. Ерөөлч гэрийн ерөөл хэлж дууссаны дараа зүүн хойноосоо эхлэн нар зөв тойрч найрчид цөмөөр өнөөх ерөөлийн хадагтай тоонын чагтаганаас чангаах зан үйл гүйцэтгэв.

“Эмээ, айраг уухгүй бол чихдүүлнэ шүү”

Найранд 100 насыг насалсан азай буурлаас эхлээд тав зургаахан настай бяцхан жаа­лууд ч иржээ. Энэ нь боржигин найрын дэг жаягийг багаас нь мэд­рүүлж сурган үүгээр дам­жуулан ёс заншлаа өвлүүлэх ар­дын ухаан бизээ. Эмээгийнхээ дэргэд цомбойтол суусан тав зургаа орчим настай жаахан хүү, -Эмээ, энэ найр хийж байгаа юм уу. Та айраг уухгүй бол чих­дүүл­нэ шүү хэмээн додигорхон ярих нь сонстоно. Найрчид гурвантаа айраг сөгнөсний дараа цагаалга будаанаас амсацгаав. Удалгүй С.Төмөр-Ухна хэмээх ная гарсан буурал морин хуурдаж, түүний үе тэнгийн Ө.Да­­ваадорж хэмээх өвгөн лимбэдэн хөг нийлүүлэв. Ин­гээд тэд найрын даргад хандан “Хөг нийллээ” хэмээн хэлэхэд боржигин найр эхлүүлэх “Тү­мэн эх” шуранхайллаа.

Ая дангийн дундуур найрын дарга хэд хэдэн хүнийг дэг жаяг зөрчлөө хэмээн айргаар шог­лоод авав. Хамгийн түрүүнд Баярсайхан гэгч эр энгэр заамаа товчлоогүй байсан учир гурван литрийн хул айргаар шоглуулав. Мөн Адьяасүрэн хэмээх эр зөв суусангүй гэж шоглуулав. Найрч­дын дунд олон хүндтэй зочид байсны нэг нь энэ жи­лийн наадмаар үзүүрлэсэн шинэхэн арслан Д.Азжаргал байв. Арслангийн ээж нь Цагаандэлгэрийн хүн гэнэ. Ээжийнхээ нутагт ирж бор­жигин найранд оролцсон Д.Аз­жаргал арслан мөн л уртын дуу түрсэнгүй гэсэн шалтгаанаар найрын даргаас зэм хүртэн шог уув. Ингээд дараа дараагийн түрлэг эхлэв. Боржигинчууд гурван бадаг дуулж байж нэг түрлэг гэх бөгөөд гурван түрлэг нь нэг дугараа болдог байна. Най­рын дарга Эрдэнэхүү хэ­мээх шавилхан залууг дуу дуул хэмээсэнд өнөө залуу шилээ маажин дуу дуулж чадахгүйгээ өчлөө. Ингээд мань эр шог уухаар болж, найрын дарга түүнд дараагийн найран дээр дуу сурч ирэх даалгавар өгөх нь тэр.

Нэг суудал дээр таван литр айраг

Гурван дугараа барьсны дараа найр түр гадаалав. Найрчид эргэн байраа эзэлж дугараа түрлэг эхлэхэд гавж Ш.Сонин­баяр хөгийн дундуур орж ирлээ хэмээн шоглууллаа. Доктор, профессор Т.Намжил ч мөн найрын даргаас шог хүртэв. Эндээс л боржигин найрын дэг жаяг ямархан хатуу болох нь харагдана. Найрын дэг зөрчсөн л бол хэнийг ч гэсэн шоглоно. Найрын түрлэг дугараа ийн үргэлжилсээр өндөрлөх боло­ход дагнаа гэж нэгэн сонир­холтой зан үйл гүйцэтгэдэг аж. Энэ нь найрын баруун, зүүн жигүүрийн дээр доороос нь хоёр хоёр аягач хул хулаар айраг сөгнөнө. Ийн хоёр талаас солбин сөгнөсөөр тооно голлон суусан хүмүүсийн хэн нэгэнд нь хам­гийн сүүлийн дугараа давхардан таарахыг дагнаа гэдэг байна.

Энэ ёсоор боржигин найрын дагнаа эхэллээ. Аягачид дээр доороос нь хоёр зэрэг солбин сөгнөсөөр яах аргагүй тооно голлон суусан нэгэн эр дээр хоёр аягачийн сөн давхардан таарлаа. Баруун талын дагнаа таарсан энэ эрийг Цагаандэлгэр сумын нэгдүгээр багийн малчин, аймгийн алдарт уяач М.Бямбасүрэн гэдэг аж. Тэрбээр гурван литр, хоёр литрийн багтаамжтай хоёр хул айргийг суудал дээрээ ууж ёроолд нь хийсэн ёншгойт хэ­мээх мөнгөн зоосыг үүрд хад­галахаар хадганд боон нандиг­нан авлаа. Зүүн талын дагнаа мөн нэгдүгээр багийн малчин Т.Оюунбилэг хэмээх эмэгтэйд таарав. Тэрбээр мөн өмнөхийн адил хоёр том хул айргийг ууж мөнгөн ёншгойтыг авлаа. Ер нь дагнаа ууж байгаа хүмүүс болон шог уугсад хулнаас уруулаа салгалгүй нэгэн амьсгаагаар айргийг уух ёстой гэнэ. Боржигин найрын төгсгөлд “Жаргалтайн дэлгэр”-ийг дуулж жаргаадаг тэр ёсоор уг дууг Монгол улсын тэргүүний уран сайханч Ш.Өлзийбат дуулж, С.Тэрбиш хуурдлаа.

Найрын төгсгөлд багахан ёс­лолын арга хэмжээ үргэлжилж Цагаандэлгэр сумынхан Д.Аз­жар­гал начиндаа өргөмжлөл, өөрсдийн гараар ширсэн ширдэг тэргүүтнийг өргөн барив. Нутаг усныхаа хамгийн ахмад настан болох Н.Готов хэмээх хөгшин­тэй найрын сүүлд уулзлаа. Ухаан санаа саруулхан энэ хөг­шин нэг хүүхэд төрүүлсэн бө­гөөд таван хүүхэд үрчилж өс­гөжээ. Тэрхүү таван хүүхдийнх нь нэг Пан Азийн аварга, Мэр­гэжлийн боксчин Д.Лхагваа­гийн аав Дугарбаатар гуай гэнэ.

Дуу хууртай Дундговь нут­гийн налгар намар айргийн сөн бялхаж ая эгшиг ундран байна. Боржигин түмний найрын хос­гүй дэг жаяг, өв уламжлалыг хад­галан үлдсэн нь Цагаан­дэлгэрчүүдийн бахархал бөлгөө. Эдүгээ таван аймгийн 15 су­манд аж төрж буй бор­жигин­чуудын дотроос боржигин най­рын хатуу дэг жаягийг хадгалан үлдсэн нь Цагаандэлгэрийнхэн гэнэ. Тэд уртын дуу, морин хуур, лимбээ хойч үеийнхэндээ өвлүүлэхэд сэтгэл талбин байгаагаа ярьж байсан. Боржигин найр бол Эзэн Чингисийн ордны найрын дэг жаягийг хадгалсан юм гэдгийг Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа онцолж байжээ. Найман зууны тэртээх найр цэнгэлийн дэг жаяг, ая хөгийг таслалгүй хадгалан үлдсэн боржигин түмэн дахиад мянга мянган жил “Түмэн эх”, “Жаргалтайн дэлгэр”-ээ шуранхайлуулсаар байх буйзаа.

Г.Сонинбаяр