Олон улсын аюул гэж юу вэ?
Энэ сэдвээр гадаад орнуудад маш их бичиж, судалж, таамаглаж, сценари зохиож, бэлтгэж байх шиг. Ялангуяа АНУ, Орост янз бүрийн бүтээл шил даран цуварсаар. Хятадын тэр аюул гэгчээс Орос руу ямар нь нүүрлээд байгаа талаар Оросын Цэргийн ШУА-ийн прогнозчлолын хүрээлэнгийн төвийн дарга профессор Анатолий Цыганокийн бичсэнийг Ц.Баасанбат хөрвүүлэв.
Оросын хувьд цэргийн аюулын сэдэв улам бүр чухлаар тавигдаж байна. Орос руу дайн зарласан тухай албаны төвшинд ч нэг бус удаа ярьдаг болжээ. Төрийн Думын депутатууд энэ талаар бүр ч их мэтгэлцэж байна. Мэргэжлийн үүднээс төсөөлбөл Орост учрах цэргийн гадаад гол аюул дараахи байдалтай бүрдэж байна. Yүнд:
1) Олон улсын терроризмын аюул
2) Одоогоор зогсонги байгаа ч ноцож буй бүс нутгийн мөрөгөлдөөний аюул
3) Гурав дахь ертөнцийн (Хойд Солонгос, Иран, Пакистан гэх мэт) орнууд дахь үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг тархсанаас Орост учрах аюул
4) Хятадыг зүгээс өсөн нэмэгдэж буй аюул
5) Хилийн гаднахи нутаг дэвсгэрт гадаадын цэрэг оруулснаас үүдэх аюул
6) Yхэлд хүргэхгүй зэвсэг үйлдвэрлэх ба хэрэглэх тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээ байхгүйгээс үүдэх цэргийн аюул
7) Оросын өөрийнх нь зэвсэгт хүчинд хүрэлцээгүй байгаа тийм орчин үеийн зэвсэг техникийг Орос өөрөө экспортолж байгаагаас үүдэх аюул
гэж долоо ангилжээ.
Олон улсын Терроризмийн аюул
Энэ бол цөм, биологи, хими, электрон, технологийн ба эрчим хүчний аюул байх ба өнөөдөртөө хамгийн гол аюул гэж хүлээн зөвшөөрөх ёстой. Ялангуяа лалын далбаан дор террорист халдлага хийх тухайд. Терроризмын цар хүрээ зэвсэгт хүчний оролцоог улам бүр шаардаж байна. Терроризмтэй зөвхөн тусгай албад тэмцэх ёстой, зөвхөн тэдний л ажил гэх энэ ойлголт үеэ өнгөрөөсөн. Орчин үеийн терроризмын ажиллах хүрээ, техникийн хувьд өвч зэвсэглэсэн байдал армийнхны хариу ажиллагааг зайлшгүй нөхцөлдүүлжээ. Хэдийгээр терроризм нь хил дамнасан олон улсын гээд байгаа боловч яг үйлдэл дээрээ болохоор тодорхой нэг улс дээр очиж тусдаг шүү дээ. Дотоод дахь террорист халдлагын аюул гэдэг маань начир дээрээ гадаад аюул юм. Оросын хувьд лалын терроризм гол аюул мөн. Түүний үндсэн ивээн тэтгэгч нь Саудын Араб, Пакистаны хувь хүмүүс байдаг.
Одоогоор зогсонги байгаа ч ноцож буй
Бүс нутгийн мөргөлдөөний аюул. Хуучин СССР-ийн нутаг дэвсгэрт (Днестр, Өмнөд Кавказ), мөн Балкан, Ойрхи Дорнодод шийдвэрлэгдээгүй мөргөлдөөнүүд бий. Тухайлбал Гүрж, Өмнөд Осет, Гүрж-Абхазын хооронд нутаг дэвсгэрийн асуудал маргаантай байна. Карабахын асуудал, Косовогийн байдал, Палестин-Израилийн мөргөлдөөн, Ирак дахь дайнаас үүдэх сөрөг үр дагавар гэхчилэн.
Гурав дахь ертэнц дахь үй олноор хөнөөн сүйтгэх зэвсэг тархсанаас Орост Учрах аюул
Оросын хувьд ийм аюул бодитой. Жишээ нь Хойд Солонгос, Иран, Пакистаны нутаг дэвсгэрээс цөмийн цэнэгт хошуу бүхий ганц пуужинг зөвшөөрөлгүй харвах, саваагүйтэж товчлуур дарвал ноцтой аюул тарина. Энэ гурван улс өөр хоорондоо пуужингийн технологи солилцдог, гурвуулаа Оросын өмнөд, дорнод хилд тун ойрхон, залгаа оршдог, дунд тусгалын пуужинтай, тэр нь 2000 км-т бай онох чадалтай, Оросын нутаг дэвсгэр тэдний хувьд тийм пуужингийн хүрч, сөнөөх бүсэд ордог гэхчлэн.
Хятадын зүгээс өсөн нэмэгдэж буй аюул
Орос-Хятадын хилийн шугам дээр маргаантай хэсгүүд бий. Хэрэв Хятадад коммунист дэглэм сүйрвэл хэлж таахын аргагүй явдал болно. Хилийн районд мөргөлдөөн дэгдэх, Орос-Хятадын цэргийн тэнцвэр алдагдах, БНХАУ дотооддоо тунхагалдаг нутаг дэвсгэрийн өнгөлзлөгөө гадагш барьж эс чадах, хүн амын өсөлт нь хил залгаа орнууддаа нөлөөлбөл ямар аюул дэгдэхийг таахад бэрх юм. Хятадтай хийх тэр мөргөлдөөн магадгүй зэвсэгт тэмцлийн бүх хэрэгслийг дайчлах цорын ганц зайлшгүй мөргөлдөөн байх болов уу. Эдүгээ Хятад Оросоос илэрхий хүчтэй болж ирлээ. Эдийн засаг, хүн амын төлөвлөлтөөр, олонхи шинжээчийн үздэгээр Евразидаа тэргүүлэх хэмжээнд очиж байна. Энэ аварга хүчтэй цэргийн мөргөлдөөнд орсон тохиолдолд сөрөн зогсохын тулд дангаараа ажиллах боломж үнэндээ байхгүй.
Яг тэгж мөргөлдөх магадлал бага ч огт болохгүй гэж үгүйсгэмгүй байна. БНХАУ-д коммунист систем хэврэгших нь ирээдүй цагийн асуудал, түүхээс үзэхэд тийм хямрал хүчирхийллийн тэсрэлт болж даамжирдаг. БНХАУ бол цөмийн зэвсэгтэй хэмээн бүх нийтээрээ хүлээн зөвшөөрсөн таван улсын нэг, 2003 онд сансрын удирдлагатай нислэгийн технологийг гартаа оруулж авсан. Зэвсэгт хүчний тоо хэмжээ нь дэлхийд тэргүүлэх хэвээрээ байна. Батлан хамгаалах зардал нь 2020 он гэхэд 3-4 дахин бодитойгоор нэмэгдэх төлөвтэй. Хятадын ардын чөлөөлөх армийн хуурай замын цэрэг нь ерөнхий цэргийн 21 хээрийн армитай. Тэдгээр нь тус бүрдээ 50 000 цэрэгтэй, нийт 1.6 сая цэрэг, 10 000 танк, 5500 хуягт, 14 500 их буу, 2300 тийрэлтэт катюшатай. Агаарын цэрэг, агаарын довтолгооноос хамгаалах цэрэг нь сөнөөгч, сөнөөгч-бөмбөгдөгч онгоцны 200, дайрагч онгоцны 120, хүнд бөмбөгдөгч онгоцны 42, цэргийн тээврийн нисэх онгоцны 50, нисдэг тэрэгний 20 эскадрильтэй. Нийт нисэх онгоц нь 3500, нисдэг тэрэг нь 180, тэдгээрт 320 000 цэрэг алба хашиж байна.
Тэнгисийн цэргийн хүчиндээ Хятад нь 230 000 цэргийн албан хаагч, атомын шумбагч 6 хөлөг, түүнээс нэг нь баллистик пуужингаар зэвсэглэсэн, дизелийн хөдөлгүүрт 63, усан дээр хөвдөг 62, десантын 56, мина шүүгч 39, эргийн хамгаалалтын 386 хөлөг онгоцтой байна. ХАЧА-ийн пуужинт-цөмийн зэвсгийн нөөц нь 410-440 нэгж зэвсэг бүхий, тэдгээрийн 140 нь эх газарт байрласан, 150 нь нисэх онгоцны, 120-150 нь их буны сум, мина, ойрын зайн пуужингийн цэнэг хэлбэртэй. Нэгтгэн дүгнэвээс ХАЧА 2.48 сая цэрэгтэй энэ тоогоор дэлхийд хошуучилсан хэвээр, батлан хамгаалах зардал нь сүүлийн 10 жилд ямагт 2-3 дахин дарж дэлхийд мэдээлэгдсэн хэмээн АНУ, Япон, Энэтхэгийн тагнуулын мэдээнд тэгж дүгнэж байна. АНУ-ын БХЯ-наас Конгресс руу илгээсэн илтгэлээс үзвэл, 2002 онд БНХАУ-ын цэргийн зардал 65 тэрбум ам.доллар болсон байх бөгөөд тэр жил дэлхий нийтэд цэргийн зардлаа 21 тэрбум ам. доллар болсон гэж өөрсдөө мэдээлж байжээ.
Хийлийн гаднах нутаг дэвсгэрт гадаадын цэрэг оруулснаас үүдэх аюул
Энэ бол АНУ, НАТО-гийн цэрэгт хамаарах аюул бөгөөд Хятадынхтай харьцуулахад төсөөлж таамаглаж болох аюул мөн. Орост засгийн эрх огцом эргэх солигдох тэр мөчид ийм аюул Орост учирч магадгүй. Сүүлийн жилүүдэд НАТО цэргээ 60 хувиар цомхотгосон, Орос ч мөн баруун хойд чиглэлдээ цэргээ хорогдуулсан. Одоо Ленинградын цэргийн тойрогт агаарын десантын нэг дивиз, мотобуудлагын нэг бригад үлдсэн, тэнгисийн явган цэргийн хоёр бригад Умард ба Балтийн флотод байна.
Үхэлд хүргэхгүй зэвсэг үйлдвэрлэх ба хэрэглэхээс үүдэх цэргийн аюул
“Энэрэнгүй зэвсэг” гэж нэрлээд буй үхэл хүргэдэггүй зэвсгийг орчин үеийн дайнд хэрэглэж байна. Жишээ нь
- дуу чимээний зэвсэг
- мансууруулах, айлгах үр дагавартай, нам эрчим хүчний лазерийн зэвсэг
- амьд амьтны нүд сохолдог, хэт өндөр давтамжтай гэрлэн туяаны зэвсэг
- радио электроны аппаратыг жагсаалаас гаргах, тархи, төв мэдрэлийн системийг үймүүлэх үйлчилгээтэй, бал чулууны мина
- цахилгаан дамжуулах шугамд богино холбоос үүсгэж шатаана, цахилгаан соронзон бөмбөг
- цахилгаан соронзонгийн туяа үүсгэнэ, халуун үүсгэх зэвсэг
- хүнийг цельсийн 40 хэмээс дээш халуунаар халууруулдаг, аль ч түлшний шаталтыг удаашруулах зэвсэг
- машин техникийг зогсооно, наалдамхай хөөсөн бүрхүүл
- зэвсэг техник, хүнийг хөдөлгөөнгүй болгодог, дурангийн зэвсэгтэй хавсарсан хэт авианы зэвсэг
- сэтгэхүйд нөлөөлөх, бухимдуулах зэвсэг
- айдас, бухимдал төрүүдлэг, радио электроны зэвсэг
- удирдлагыг үймүүлэх гэхчлэн зэвсгүүд “энэрэнгүй зэвсэг” гэдэгт оржээ.
Зэвсгийн экспортоос үүдэх аюул
Оросын өөрийнх нь зэвсэгт хүчинд хүрэлцээгүй байтал орчин үеийн чухал зэвсэг техникээ ялангуяа болзошгүй дайсан Хятад мэтийн улс руу экспортоор худалдаалж байгаагаас үүдэх аюул ноцтой уршигт хүргэж болзошгүй. Эцэст нь тэмдэглэхэд Орост учрах дээрхи аюулуудыг зэвсэгт хүчний шинэчлэлдээ тусгаж, бүтэц бүрэлдэхүүнийг энэ чиглэлээр бэлтгэх нь хойшлуулгүй зорилт юм.

