Аки башё нээлтээ хийлээ
Японы мэргэжлийн сүмогийн намрын Аки башё өнөөдөр Токио хотын Кокүгикан сүмогийн ордонд нээлтээ хийлээ. Тэмцээний эхний өдөр гэхэд сүмогийн ордон үзэгч, дэмжигчдээр дүүрэн байсан нь нэг талаар амралтын өдөр, мөн Токиод болдог башё ер нь үзэгч ихтэй байдагтаа холбон тайлбарлаж болох хэдий ч нөгөө талаар их аварга Асашёорюү, ёкозүна цолонд горилогч озэки Хакүхо тэргүүтэй Монголын болон сүүлийн үед сүмог сонирхолтой болгож буй озэки Котоошюү, маэгашира Рохо, Барүто нарын Европын сүмочдын барилдаан, тэдгээрийн хоорондын өрсөлдөөн үзэгч олны сонирхлыг ихэд татах болсонтой ч холбон үзэх үндэстэй.
Аки башё Монголын сүмочдын хувьд мөн л их хариуцлагатай, хэд хэдэн бөхийн хувьд амжилтаа ахиулан зиндаа дээшилж, цолонд хүрэх боломжтой башё болж байгаа билээ. Тухайлбал их аварга маань өөрийн 17 дахь эзэн хааны цомын тоогоо нэмэгдүүлэх, озэки Хакүхогийн хувьд 13-аас дээш давбал мэргэжлийн сүмогийн дээд цолонд хүрэх, Токитэнкү анх удаа саньяакү цолонд хүрэх, улмаар Кёкүтэнхо, Ама, нар маэгаширануудыг тэргүүлэх ч боломжтой болох башё юм. Мөн жюүрёгийн эхэнд бичигдсэн Какүрюү Ананд энэ сард тавин хувийн амжилтаа хийсэн тохиолдолд сүмогийн дээд зиндаанд дэвшсэн Монголын 8 дахь сүмоч болно.
Токиогийн Кокүгикан сүмогийн ордонд тухайн башёд түрүүлсэн бөхчүүдийн хөргийг хаддаг уламжлалтай бөгөөд сүүлийн хоёр башёд түрүүлсэн озэки Хакүхо, ёкозүна Асашёорюү нарын зургийг хүндэтгэлтэйгээр залснаар Аки башё эхэллээ. Сонирхуулахад мэргэжлийн сүмогийн сүүлийн 32 тэмцээнд түрүүлсэн сүмочдийн хөргийг байрлуулдаг бөгөөд манай их аваргын хөрөг гэхэд л 17 нь болж 1999 онд ёкозүна Таканоханагийн 17 хөрөг байрлаж байсан амжилттай зэрэгцэн бүх үеийн сүмогийн түүхэнд хоёрт орохоор амжилтыг үзүүлсэн байна. Харин ёкозүна Чиёнофүжигийн хөрөг 1990 онд дээрх 32 хөргийн 20-г нь эзэлж байснаар энэ амжилтыг тэргүүлдэг.
Японы мэргэжлийн сүмод нийт гадаадын 60 бөх барилдаж байгаагаас 35 нь монгол сүмочид бөгөөд энэ сард 34 нь хүчээ үзэж байгаа юм. Аки башёгийн жюүрё зиндаанд хүч үзэж байгаа Монголын гурван сүмоч болох жюүрёгийн барууны-12 Мооконами Базарсад, жюүрёгийн барууны-8 Рюү Санчирболд, жюүрёгийн барууны магнай Какүрюү Ананд нар өнөөдөр өрсөлдөгчдөө давж анхныхаа давааг авцгаасан байна.
Харин мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд хүч үзэж буй Монголын сүмочдоос энэ сард маэгаширагийн барууны-9 дээрээс босож буй Асасэкрюү Дашням манай үзэгчдийн сайн танил Такамисакаритай эхэлж барилдан түүний дархан мэх болох дэвжээний захад сугадаж мушгихад нь тэссэнгүй. Асасэкрюүгийн өнгөрсөн башёд авсан бэртэл нь ч нөлөөлсөн байж магадгүй.
Маэгаширагийн зүүний-8 дээр бичигдсэн Гавьяат тамирчин Кёкүшюүзан Батбаяр эхний өдрийн барилдаандаа аргагүй л уран барилдаантай гэдгээ харуулан туршлага заан, бараг л унаж яваад ялалт байгуулж татлаа. Хөнгөн шаламгай барилдаантай Какизоег шууд дайрахад дэвжээний ирмэгт тулсан хашир хандгай хүзүү рүү нь түлхсэн гарыг нь зөрж алгадаж сөхрүүлээд, дээрээс нь дарж эхний даваагаа авсан юм.
Түүний дараа өнгөрсөн сараас чансаа нь бараг бууралгүй зүүний маэгаширагийн 6-д бичигдсэн Ама Бямбадорж барилдаанаа хийлээ. Золгоогоо сайхан хурдтай хийж бүхий л талаараа илүүрхэн өнөөдрийн учраа Тоёоношимаг дэвжээнээс барьцгүй түлхэж гаргав.
Өнгөрсөн шинэ жилээр авсан Монгол улсын гавьяат тамирчны цол тэмдгээ угааж ч амжаагүй яваа маэгаширагийн барууны-4т эрэмбэлэгдсэн Кёкүтэнхо Цэвэгням анх удаагаа монгол үндэсний бөхийн тахимдах мэхээр ахмад сүмоч Тамакасүгаг давлаа. Барилдаанаа дуусгаад буцаж явсан тэрвээр сурвалжлагчийн асуултанд – Би Монгол бөх гэдгээ мэдэрлээ, амьдралдаа анх удаагаа монгол үндэсний бөхийнхөө мэхээр даваа авлаа хэмээн хариулсан байна. Энэ дашрамд хэлэхэд сүмод ирэхээсээ өмнө бөхийн спортоор хичээллээгүй, сагсан бөмбөг хөөж явсан Кёкүтэнхо өнгөрсөн жил япон улсын иргэн болсон бөгөөд түүнийг арлын нөхөд нь Ото Масура сан хэмээн авгайлдаг байна.
Өнгөрсөн сарын тэмцээнд 10 даван амжлттай барилдан маэгаширагийн барууны-2т бичигдсэн Токитэнкү хоёр дахь удаагаа озэки Точиазүматай таарч барилдлаа. Токитэнкү өрсөлдөгчөөсөө огт бэргэлгүй сугадаж бариад, зүүн хавсарч озэкиг тэнцвэр алдуулсан боловч өөрөө гишгэдэл алдаад ухарахад нь Точиазүма шууд дайрав. Озэкиг дайраад түрэхэд нь дэвжээний захад зөрүүлж алгадаад сөхрүүлж анхныхаа даваагаа авч өнөөдөр тохиож байгаа 27 насныхаа төрсөн өдрийн баярт өөртөө маш сайхан бэлэг барилаа.
Энэ сард их аварга цолны төлөө хоёр дахь дайралтаа хийж байгаа озэки Хакухогийн эхний учраа нь макүүчи зиндааны бөхчүүдээс ганцхан өөрөөс нь дүү 20 настай, өнгөрсөн сард комүсүби цолоо хадгалан үлдсэн Кисаносато байлаа. Озэки хэдий бүх талаараа илүүрхсэн ч унагах гэж хэтэрхий яарч дайрахад нь өрсөлдөгч нь дэвжээний захад баруун зайлаад толгойг нь дараад унагалаа. Өнгөрсөн башёд Ёкозүна цолны төлөөх эхний дайралтандаа нутаг нэгт Асасэкрюүд унасан эхний барилдаан нь түүний амжилтанд хэрхэн нөлөөлж их аварга цол авах сайхан боломжийг нь үгүй хийсэн явдал энэ удаад мөн л давтагдлаа. Түүнд аргагүй л нас, туршлага дутагдаад эхний барилдаандаа анхаарлаа төвлөрүүлж чадахгүй шатсан, унагах гэж яарсан тал ажиглагдаад байх юм.
Их аварга Асашёорюү Аки башёгийн эхний өдөр анх удаагаа комүсүби цолонд хүрсэн Гүржийн сүмоч Коккайтай хүч үзэн барилдсан бөгөөд золгоон дээр мавашины урдаас барьж түрээд хялбархан анхныхаа давааг авлаа.
Өнөөдрийн нэг сонирхол татсан барилдаан бол сүмогийн од Эстоний үлэмж биет Барүто, 46 башё дараалан озэки цолтой барилдаж байгаа Чиётайкай нарын барилдаан байсан бөгөөд хашир туршлагатай озэки маш хүчтэй золгож, хойш нь гишгэдэл алдуулж ухраагаад шууд дайрч Барүтог гэдрэг нь суулгаж чадсан юм. Сүүлийн башёнуудад озэки Кайог хаяж гаршаад байгаа кавказ эр Рохо мөн л энэ удаад озэкиг гаргаасангүй. Мөн 5 жилийн өмнө авч байсан озэки цолоо эргүүлж авахын төлөө дайралтаа хийж байгаа сэкивакэ Миябияма өнөөдрийн учраа маэгашира Аманашикиг барсангүй.
Эцэст нь хэлэхэд Аки башёгийн эхний өдрийн барилдаанаас харахад энэ сард тэмцээн нэлээд өрсөлдөөнтэй ширүүн болох төлөвтэй. Тэмцээний эхний өдөр л гэхэд 3 озэки тэр дундаа түрүүлэх магадлал өндөр бүхий озэки Хакүхо, озэки Точиазүма нар болон сэкивакэ Миябияма, маэгашира Барүто нарын сүмочид өвдөг шороодсоныг энд дурдахад хангалттай.
Э.Батбаяр
Makuuchi - зиндаан дахь Mонгол сумочид :
| E-M9 | yorikiri | W-M9 |
| E-M8 | hikiotoshi | W-M8 |
| E-M6 | oshidashi | W-M6 |
| E-M4 | ashitori | W-M4 |
| E-O | tsukiotoshi | E-K |
| E-Y | yorikiri | W-K |

