Их Монгол төрийн Хас эрдэнийн тамга
1246 онд Монголын их хаан Гүюгээс Ромын Папт илгээсэн Төрийн бичигт дарсан тамганы дардсыг Чингис хаанаас уламжилж ирсэн тамга гэж ойлгож болно. Төрийн бичиг нь 112х 20 см хэмжээтэй дундаа залгаа бүхий цаасан дээр персээр бичиж , залгаа болон төгсгөл дээр нь тамга даржээ.
Төрийн бичгийг дор сийрүүлбээс:
Гүюг хааны Төрийн бичиг
“Мөнх тэнгэрийн хүчинд хамаг их улсын далай хаан Гүюг хааны ману зарлиг.
Энэхүү зарлигийг их Папад мэдтүгэй хэмээн илгээв. Карал нутагт... зөвлөлдөөд хүлцэнгүй байхыг гуйн илгээснийг танай элч нараас сонсов.Та нар хэлсэн үгээрээ болох аваас их Пап чи манай газар иртүгэй. Бид тэр тухайд засаг зарлиг бүрийг та нарт сонсгон дагуулъя.
Бас намайг шашинд орох аваас сайн болно гэж та нар хэлээд гуйж ирсэн нь ухаантай явдал болжээ. Харин чиний энэхүү гуйсныг бид мэдсэнгүй. Бас «та нар Мажар, Киристан (христос хүн) бүх нутгийг дагуулан авсанд би гайхаж байна. Үүнд ямар эндэгдэл болсныг бидэнд хэлмүү?» гэсэн үгсийг та нар над илгээжээ.
Эдгээр үгийг ч бид бас мэдсэнгүй. Чингис хаан, хаан хоёроос тэнгэрийн зарлигийг энэ хоёрт илгээсэн боловч тэр хүмүүс тэнгэрийн зарлигийг дагасангүй. Чиний хэлж буй хүмүүс их зөвлөлгөөн (хуралдаан) хүртэл хийж, ихэмсэг сүр үзүүлэн манай илгээсэн элчийг алсан билээ. Тэдгээр нутагт мөнх тэнгэрийн хүчинд хүмүүсийг алж арилгажээ..
Зарим нь тэнгэрийн зарлигаар түүний нэгэн хүчинд аврагджээ. Хүн хэрхэн барин авч алж болно, хэрхэн бариад (гянданд хорьж) болно. «Би бурханд хайртай, би...жигшин үздэг» хэмээн чи хэлж байна гэж үү. Бурхан нүглийг арилгаж ивээлээрээ нигүүлсэн үздэгийг чи хэрхэн мэднэ, чи ийм үгийг хэлж буй учир түүнийг яахин мэдэх вэ?
Тэнгэрийн хүчинд наран мандах газраас аваад наран жаргах газрыг дуусталх газар бүгдээрээ биднээ заяагджээ. Тэнгэрийн зарлигаас бус хэн ч юу ч хийж үл чадна. Эдүгээ та нар: «бид харьяат болж хамаг эд хөрөнгөө та бүхэнд өгтүгэй» хэмээн чин шударгаар хэлбээс зохино. Чи өөрөө вангуудаа тэргүүлэн хамаг улсаа аванхүлцэнгүй байж хүчээ өгөхөөр иртүгэй. Тэр цагаас та нарыг дагуулан авсан гэж бид үзтүгэй. Харин та нар тэнгэрийн зарлигийг үл даган манай зарлигийг эсэргүүцвээс та нар дайсан болтугай.
Эл учрыг та нар мэдтүгэй. Харин үүнээс бусаар явбаас юун болохыг бид мэдэх гэж үү, гагцхүү тэнгэр л мэднэ.”
Энэ бол бидний үеийг хүртэл хадгалагдаж ирсэн их Монгол улсын төрийн тамганы ул мөр мөн. Үүнийг бидэнд уламжилж ирсэн эртний цул худам монгол үсгийн цорын ганц тамганы дардас болохоор их үнэ цэнтэй сурвалж юм. Мөн Чингис хааны "Тэнгэр дээр сахиусан буй. Дэлхий дээр хаан буй сахиуслан ивээтүгэй. Бүх хүн төрөлхтний эзний тамга”гэсэн үгтэй тамга байсан гэх боловч одоо хир тамганы дардас олдоогүй билээ.
Плано Карпини өөрийн номондоо: Чингис хааны зарлиг ёсоор, болж өгвөл бүх дэлхийг эрхшээлдээ оруулах явдал болой гээд тийм ч учраас тэдний хаан нь зарлигтаа "Тэнгэрийг гэсгээгч, далай хаан" гэх ба тамгандаа "... далай хааны тамга" хэмээсэн байдаг, тэрээр монголчуудын байлдан дагуулалд олзлогдсон орос дархан \Кузьма\ ган төмрөөр тамгыг хийсэн гэж тэмдэглэжээ. Мөн Сайшаал “Чингис хааны товчоон” номондоо: Их Монгол улсын далайн хааны тамгыг 1204 оноос 1206 оны хооронд үйпджээ хэмээн бичжээ.
Их Монгол төрийн тамгыг хос зураас бүхий Худам монгол бичгээр сийлсэн донж төрх, урласан арга ухааныг хархад монгол дархан хүн хийж бүтээсэн нь тодорхой байна. Энэ үед монголчууд өрнө зүгт байлдаж байсангүй тэгээд ч Монгол дархчуудын хөгжлийн ид оргил үе байсан бөгөөд үүнийг дараах эх сурвалжууд батална.
Төмрөөр ур хийж, бүтээж эхэлсэн тэр цагаас Эргүнэ-гүн нар төмөр хайлуулж байсан ( Монголын нууц товчоо.1990.,154) бөгөөд их ойн дотор тэрэг тэргээр модны нүүрс гаргаж, нэгэн удаад 70 гаруй бод муулан, арьсыг нь туламлан өвчиж аваад, дархны хөөрөг хийж, галыг ихэд бадраан, бүхэл бүтэн уулын хөндийг тэр аяар нь хайлуулан, их хэмжээний төмөр олдворлон авдаг байсан нь Эрт цагийн Эргүнэ-гүнээс төмөрт уулыг сэт хайлуулан гарсан хэмээх домог нь Алтан урагтай нэг талаараа холбоотой байхад Монголын нууц товчооны 97-р зүйлд урианхайн Жарчудай өвгөн дархны хөөргөө үүрч Тэмүүжинд туслахаар ирсэн тухай өгүүлсэн байдаг нь тухайн үед дарханы ур үйл, хэв маяг хэрхэн хөгжиж байсныг илэрхийлээд зогсохгүй, монгол хүний төмөрлөг боловсруулах, унаган уламжлал, зан заншил ертөнцийг үзэх үзлийг толилон харуулж байна.
Мөн Хархорумаас олдсон цагаан ширэм, ган болдын дээжээс авч Москва дахь Болд судлалын хүрээлэнгийн лабораторид сорьж үзэхэд 1350 градуст хайлаагүй агаад ... "тийм өндөр халууныг жирийн зууханд гаргаж болдоггүй учир Орхоноос суваг татаж усны хүчийг ашиглаж үйлдсэн эргүүлгэн хөдөлгүүрт том хөөрөг хэрэглэж байжээ" гэсэн дүгнэлтийг Археологч С В.Киселев, Н.Я.Мерперт нар гаргасан. Хэрвээ Хархорум хот Чингис хаанаас хойш байгуулагдсан гэвэл зэр зэвсэг, эд юмс юугаан хадгалдаг монголчуудын гараар бүтээгдсэн дөрвөөс доошгүй ауруг ордны нэг болох 1189-1206 он хүртэл бараг хориод жил Хамаг Монголын ханлигийн нийслэл болж оршин тогтнож байсан Хэрлэнгийн хөдөө арал дахь Рашаан дэрсний балгасыг дөрвөн удаа малтахад тэндээс төмрийн дарханы газруудын ор, ширмэн цутгуур хийдэг зуухны үлдэгдлүүдийг илрүүлэн олсон байна.
Он жилийг мөшгөн үзвэл: Чингис хааныг 1227 онд нас барсны дараа Тулуй нэг жил төр барьж, Өгэдэй арван гурван жил (1229-1241) хаан суусан, түүнийг нас барсны дараа Өгэдэйн хатан таван жил (1242-1246 ) төр хамаарч байгаад 1246 онд Гүюг хаан суужээ. Энэ үед монголчууд дан гадагш хандаж байсан болохоор Төрийн тамга үрэгдэх учиргүй гэх үндэстэй тул Гүюг хааны барьж байсан тамга түүний өвөг Чингис хааны тамга мөн гэж үзэж байна.
XIV зууны үеийн дөрвөлжин суурьтай, суурь дээрээ хэвтээ араатан (барс)-ыг дүрсэлсэн бариултай тамга Хархорин хотоос олдсон байна. Тэр үеэс хаш тамга хэрэглэх журам тогтсон бөгөөд тэргүүн дэд зэрэг хаш тамга хэрэглэх, түүнээс дээш зэрэгт алтан тамга хэрэглэх болжээ.
1911 оны 12 сарын 29-нд Монгол тусгаар улс болсныг зарлан тунхаглаж, Богд Жавзандамба хутагтыг шинэ тулгар улсын хаанд өргөмжлөн түүнд бариулсан төрийн тамга нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг батламжилж байв. Их Монгол Улсын төрийн тамганы уламжлалыг ерөнхийд нь авч хэрэглэсэн энэ тамга нь соёмбо, дөрвөлжин, монгол бичгээр "Шашин төрийг хослон баригч нарангэрэлт Богд хааны тамга" гэсэн бичээстэй бөгөөд энэ бүгд бэлгэдлийн гүн агуулгатай юм.

