Нийтлэл 

Эзэн богд Чингисийн намтар түүхийн зарим асуудал

Цаг хугацаа гэдэг алив бүгдийг өөрчилж чаддаг их шидтэн буюу. Энэ ч утгаараа 1990-ээд оноос бид бүхний үзэл бодол орвонгоороо эргэж урьд цагт хүн бүрийн амнаас гараад байдаггүй “Чингис” хэмээх нэр өнөө цагт амны уншлага болох нь холгүй болжээ. Чингис архи, Чингис хивс, Чингис зочид буудал, гээд өнгөтэй өөдтэй гэсэн болгоноо их хааныхаа нэрээр дууддаг болсон ажгуу. Эндээс нэгэн зүйлийг ажиглан харахад Чингис хааны нэр зүүсэн болгон дээр их хааны дүр төрхийг янз бүрээр дүрсэлсэн байдаг. Эдүгээ эрдэмтэн мэргэд судлаачдын лавтай мэдэж буйгаар Чингис хааны хэмээн нэрийддэг 20 гаруй зураг байдгаас зарим нэг нь зурж дүрсэлсэн улс орныхоо үндэсний онцлог байдал дүр төрхөө илт шингэн бодит үнэнээс хол гуйвуулан бүтээсэн байдаг. Эдгээрийг үл өгүүлэн одоо цагт түүхч судлаачдын зүгээс Чингис хааны бодит дүрийг үнэнд ойр дөхөм зурж үлдээсэн хэмээн нийтээр хүлээн зөвшөөрдөг нэгэн хөргийн талаар энд цухас өгүүлье.

Үндсэн эх нь одоо Бээжин хотноо Дундад улсын түүхийн музейд хадгалагдан буй энэ хөрөг нь өндөрөөрөө 58,3 см, өргөнөөрөө 40,8 см хэмжээтэй нарийн цагаан цаасан дээр гүехэн будгаар өнгө ялган зурсан цээж хөрөг болно. Зурагт үзүүлсэн дүр төрхийг үзэглэн буулгаваас толгойдоо цагаан арьсан гадартай хар арьсан дотортой өвлийн малгайг дарж, биедээ гүехэн хул шар ноосон нэхмэл дээл өмсчээ. Царайных нь өнгө боровтор улаан, битүү буурал сахалтай байх агаад зулайных нь үс нь магнай руу нь бултайж хоёр тийш салсан бөгөөд гөрмөл гэзэг нь хоёр чихнийх нь араар гогцоорон харагдаж байдаг. Уг хөргийн зүүн мөрний дээд өнцөгт “Тай Цзу” хаан буюу Чингис хаан алдарт Тэмүжин, гэсэн бичээс буй.

Энэхүү зурмал хөрөг хэрхэн олдсон нь бас л сонирхолтой түүхтэй. Тус хөргийг 1953 оны 9 сард Бээжин хотын түүхийн музейн ажилтнууд Хэбэй мужийн Ань-лу хэмээх газарт оршин сууж байсан Чин Ху Вэн гэгч хүний үр садаас олж авсан гэдэг. Энэхүү Чин Ху Вэн гэгч нь 1920 онд Дундад Иргэн Улсын цэргийн эрхтэн Юань Ши Кай-н цэргийн штабын дэд даргаар ажиллаж байсан бөгөөд тэр үед умард хөрш Монгол орноор тойрон байцаах олон ажлыг гүйцэлдүүлж явах үед нь Монголын нэгэн ван ноёноос өргөн барьсан гэдэг. Харамсалтай нь чухам ямар хүн их эзэн хааны энэхүү хөргийг харийн цэргийн түшмэлд юуны учир өргөн барих болов? гэдэг талаар тодорхой мэдээ олдоогүй. Энэ талаар зориуд судлан тодруулаагүй ч байж болох талтай. Ийнхүү их хааны энэхүү хөрөг 1950 он хүртэл Чин Ху Вэний үр садад хадгалагдан ирсэн байжээ. Судлаагчид тус хөрөг зургийн цаас будаг, дүрслэн гаргасан арга хэлбэр нэрлэсэн бичээс энэ тэрийг нарийвчлан шинжлэж тус хөрөг болбоос Юань улсын үеийн зураачийн бүтээл байж магадгүй болохыг нотолсон бөгөөд Чингис хааныг амьд сэрүүн үед биш нас барснаас хойш их удалгүй зурсан өтөл насны хөрөг болох нь лавтай хэмээн үзсэн байдаг билээ.

Түүнчлэн энэхүү хөргийг Юань улсын судрын Тайлга тахилгын тэмдэглэлд байнга нэр нь дурдагддаг Хорисан хэмээгч зурсан байж мэдэх юм гэдэг ба Юань улсын мөхөн доройтох тэр цагт Монголын язгууртнууд Дайду хотоос ялагдан ухарч гарахдаа умар тийш авч гараад язгуур угсгаатай нэгэнд үе улируулан хадгалуулсан байж мэднэ хэмээн үзсэн байдаг. Дашрамд өгүүлэхэд энэхүү Хорисан хэмээгч нь Монгол хүн бөгөөд Их Юань улсын ордны зураач байх үедээ 1278-1279 оны хооронд Есүхэй баатар болон Өгөдэй хааны хөргийг зурсан гэж сударт тодорхой тэмдэглэгдэн үлдсэн байна. Энд дурдагдан буй их хааны хөргийг эх болгон өнөө цагт Чингис хааны дүрийг хуулбарлан зурахын зэрэгцээ элдэв нэмэлт оруулан зохиомжлох нь элбэг байна. Тухайлбал хааны өмссөн хар дотортой цагаан арьсан малгайг өнгө ялган будсан малгай мэтээр зурахын зэрэгцээ чихнийх нь араар унжих гэзгийг нь ээмэг болгон харуулсан байдгийг үндэсний мөнгөн тэмдэгт дээрх хөрөгнөөс үзэж болно. Энэ бүгд эх түүх соёлдоо эрээ цээргүй хандан байгаа бидний өчүүхэн нэг жишээ мөн.

Чингис хаан хэрхэн насан эцэслэсэн талаар.

Тэрбээр хэдэн насандаа насан хутаг болсон, нас эцэслэсэн шалтгаан учир юу байсан, хаана онголсон хийгээд үүнтэй холбоотой олон асуудал оньсого мэт оршсоор судлаачид, эрдэмтдийн анхаарлыг мөн татсаар байна. Эндээс их хааны нас барсан байж мэднэ хэмээн үздэг шалтгаануудаас бичье.

Судлаачид түүхийн судар бичигт тэмдэглэгдэн үлдсэн болон бусад эх сурвалжаас улбаалан Чингис хаан билгийн улиралын 7 сарын шинийн 12-ны шарагчин үхэр өдөр буюу аргын тооллын 1227 оны 8 сарын 25-ны өдөр 65 насандаа өөд болсон хэмээн тогтоосон байдаг.

Харин Чингис хааны нас барсан шалтгаан учирыг янз бүрээр тайлбарлан таамагласаар ирсэн. Тухайлбал:

1. Чингис хаан мориноосоо унаж бэртсэн нь үхэлд хүргэсэн хэмээн бичсэн нь бий.
Гэтэл хэрэг дээрээ Чингис хааны авд явж байгаад толбот бор мориноосоо унаж бэртсэн тухай явдал бол даруй 1225 оны өвлийн явдал болно. Эндээс үзэхэд 1227 оны намар хүртэл бүтэн 2 жилийн зөрөө байгаа нь харин ч тэр бэртэл нь илааршин эдгэрэх хугацаа мэт. Нөгөөтэйгүүр Чингис хаан бэртсэнийхээ дараагаар Тангуд улсын нутагт жил шахам дайтаж явсан тухай мэдээ бас байдаг нь дээрх таамгийг бүдгэрүүлж байгаа юм.

2. <...Хамгийн эцэст нэгэн Тайчин хэмээх цайзыг бүслэн байлдах үед Чингис хаан өвдгөндөө зэвний шарх олж тэрхүү шархны улмаар насан эцэслэж хүүр ясыг Алтай ууланд оршуулав...> хэмээн Марко Поло тэмдэглэн үлдээжээ.

Энэ нь үзэхэд сонин боловч үнэндээ ам дамжин хэлэгдэн ирсэн мэдээ төдий зүйл юм. Учир нь дорно зүгт аялан зохиол тэмдэглэлээ сэтгэл татам хэлбэрээр бичиж үлдээсэн жуулчин Марко Поло гэгч нь Хубилай хааны үед Монголын их гүрэнд тагнан турших зорилгоор Өрнө зүгээс явуулж байсан хүмүүсийн нэг билээ. Монголын хүчирхэг гүрэн улсыг тагнан турших холбоо хэлхээ барих ажлаар Плано Карпини, Вильгелм Рубрик тэргүүтэй олон хүмүүс тэр үед зорчин явдаг байсан. Тэдний аян замын тэмдэглэлд тэр үеийн Монголчуудын антроплогийн шинж төрх, нүүр царайнаас авахуулаад аж амьдралын хэв шинж ахуй хэрэглээ, аян дайны арга барил зэр зэвсэгийн талаар нарийвчлан бичиж үлдээсэн байдаг хэдий ч энэхүү хэрэн хэсч явсан хүмүүс Чингис хааны үхлийн талаар үнэн бодитой мэдээ яахин олж үлдээж чадахсан билээ.

3. 17-р зууны дунд үед бичигдсэн “Эрдэнийн товч” хэмээх зохиолд <...Тангудын эзний хатан Гүрвэлжин Суд гэгчид хорлогдон үхэв...> хэмээн ихэд дэлгэрэнгүй бичигдсэн байдаг.
Гэтэл Тангуд улсын хаанд Гүрвэлжин Суд хэмээх хатан ерөөс байгаагүй гэдгийг түүхчид судлан тогтоосон. Тэгээд ч Чингис хаан Тангудыг эзлэн тэндээс хатан авсан тухай мэдээ байдаггүй ба Тангудыг бүрмөсөн бууж өгөхөөс өмнө нас барсан гэж үздэгийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй болов уу. Харин Чингис хаан Тангудаас татвар хатан 1209 онд 3 дахь удаагаа довтлохдоо авсан гэдэг бөгөөд хатны нэрийг Чагд гүнж гэдэг байжээ.

4. Их Монгол улсын 3 дахь хаан Гүюгийн үед Монголд анх ирсэн Плано Карпини өөрийн тэмдэглэлдээ <...Тэрээр аянганд дайрагдаж үхэв...> гэж бичсэн байдаг нь баахан инээдтэй зүйл бөгөөд аман домог төдий зүйл болов уу.

5. Чингис хаан хүнд өвчин тусч насан эцэслэв, хэмээн бичигдсэн байдаг.
Тухайлбал Юань улсын сударт <...бие чилээрхэв...> гэжээ. Армены Монголч эрдэмтэн Д’Оссоны бичсэн Монголын Түүх гэдэг номонд бас <...хүнд өвчин хүрч...> гэсэн нь бий. Өвөр Монголын эрдэмтэн түүхч Их Баян бичихдээ <...Өвчнөөр насан өөд болсон...> гэдэг. Гэвч чухам ямар өвчнөөр гэдэг тухай эдгээр сурвалжуудын аль нь ч дурдаагүй байна. Харин 13-14-р зууны үеийн дундад Азийн нэрт түүхч Жувейни ‘Ертөнцийн байлдан дагуулалтын түүх’ хэмээх бүтээлдээ <...Чингис хаан муухай уур амьсгалаас болж засаршгүй өвчнөөр нэрвэгдэв...> гэжээ. Мөн 17-р зууны дунд үед бичигдсэн “Хураангуй Алтан Товч”-д <...Түрэмгий балгаснаа Богд эзэн хүнд халууцаад алтан амиа гарах цагт... хамаг зарилгийг буусан хойно тэнгэр халив...> гэсэн байдаг Мөн Германы Монголч эрдэмтэн Ханиш Их хааныг үхэлд хүргэсэн хэмээн бичигдсэн энэхүү <...халууцах...> өвчнийг “эсэргэнэ хижиг” бололтой гэжээ. Өвөр Монголын нэрт түүхч Сайшаалт ‘Чингис хааны товчоон’ хэмээх хормосон бүтээлдээ бичихдээ “...Ямарч өвчин бай Чингис хаан ихээр халууцах хүнд өвчин хүрч бие барсан гэдэг зүйтэй...” гэж бас бичжээ. Эцэст нь тэмдэглэхэд Чингис хааныг хүнд өвчин тусч нас нөхцсөн гэдэг үзэл баримтлалыг эдүгээ хүртэл дотоод гадаадын олонхи эрдэмтэн судлаачид үнэнд ойр дөт зүйл хэмээн үзсээр ирсэн билээ.
Их хаадын хутаг амгалан орших болтугай.

                                                                              Монгол Уул овогт Эрдэнээгийн Эрдэнэбаяр

Түүхийн ухааны магистр,
УБИС-ийн Нийгмийн Ухааны салбарын
Монголын Түүхийн Танхимын багш
Монгол Туургатны Цахим Өртөө Сүлжээ
www.tsahimurtuu.mn