Их ойн эргэн тойронд 

Монгол бичгийн цагаан толгойг заллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн түүхэн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд  монгол бичгийн цагаан толгойг залах ёслол  өчигдөр     БСШУЯ-нд  боллоо. Мянга гаруй жилийн түүхтэй үндэсний бичиг соёлоо хүндэтгэн ийн залж буй нь монгол бичгээ сурах, судлах, сурталчлан дэлгэрүүлэх их ажлын эхлэл болж буй хэмээн уг ёслолд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр  айлдсан. 
 

Монголчууд түүхэндээ 10 гаруй бичиг үсэг зохиосноос монгол бичиг он цагийн нугачаанд дарагдалгүй босоо үлдэж, үе үеийн түүхийг цагаан дээр хараар тамгалсаар ирсэн билээ.

 

Энэ тухай Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Эзэн богд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахдаа монгол бичгийг төрийн бичиг болгох айлдвараа хайрлаж, түүнийг залгамжлагч алтан ургийн хаад төрийн хасбуу тамгыг энэ бичгээр сийлбэрлэж, харь гүрэнд илгээх бичиг, гадаад харилцааны элчийн алт, мөнгөн гэрэгэд мөнх тэнгэрийн хүчин дор төрсөн далай их хааны зарлигийг тунхаглаж байлаа” хэмээн дурдсан юм.

Г.ОЮУН
Өнөөдөр